Сав газрын байршил
Орхон гол нь Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал бөгөөд Хангайн нурууны салбар уулс Суварга хайрхан уулын өвөр бэлээс эх авсан Их тээл гол, түүний цутгал гол болох Өлт голыг Орхон голын эх гэж үздэг. Гол нь эхэн хэсэгтээ уулархаг, доошлох тусам дов толгод зонхилсон дунд зэргийн уулархаг гадаргаар, цаашлаад тал хээр, уулсын хөндийгөөр урсана. Хөндийдөө хүрмэн чулуун гүн хавцалтай, адагтаа гол өргөсөж олон салаа болдог.
Тус голын сав газрын хамгийн өндөр цэг нь 3539,9 метр өргөгдсөн Ангархай уулын оргил байхад хамгийн нам цэг нь Орхлн гол Сэлэнгэ мөрөнд цутгах хэсэгт 601,1 метр байна.
Орхон голын сав газар нь Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн мужид багтаж байгаа ба голын эхэн хэсэг нь Хангайн гол нурууны тойрогт, дунд ба адаг хэсэг нь Сэлэнгэ, Орхоны сав газрын дундаж өндөр уулсын тойрогт хамрагдаж байна.
Орхон голын сав газарт Тарвагатайн нурууны оргилуудын нэг болох Ангархай уул(3540 метр), Хангайн нурууны Эрхэт хайрхан (3535 метр), Суварга хайрхан (3179 метр), Их шивэрт уул (3166 метр), Улаан байц уул (2404 метр) Зүрх уул (2338 метр) зэрэг өндөр уулсууд хамаарна.
Орхон голын сав газарт 8 аймгийн 53 сумын нутаг дэвсгэр ямар нэгэн хэмжээгээр багтаж байна. Архангай аймгийн Булган, Өлзийт, Төвшрүүлэх, Хотонт, Орхон аймгийн Баян-Өндөр, Өвөрхангай аймгийн Хужирт зэрэг сумдын нутаг бүтэн багтсан байна. Харин Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Галуут, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Жаргалант, Заамар, Угтаалцайдам, сумдын нутаг дэвсгэрийн 0,5-аас бага хувь нь Орхон голын сав газарт хамарч байна.
Орхон голын сав газрын 38,2 хувийг Архангай, 22,1 хувийг Булган, 18,4 хувийг Баянхонгор, 1,6 хувийг Орхон, 0,4 хувийг Дархан-Уул аймгийн нутаг тус тус эзэлж байна.
Уур амьсгал
Уур амьсгалын хувьд далайн түвшнээс дээш өргөгдсөн чийглэг-хүйтэн, 1300-1800 метр өргөгдсөн чийглэгдүү-сэрүүн, 700-1300 метр өргөгдсөн хуурайдуу-сэрүүвтэр уур амьсгалтай бөгөөд Орхон голын сав газрын 45 хувь нь чийглэгдүү-сэрүүн уур амьсгалтай, 27,3 хувь нь хуурайдуу-сэрүүвтэр, 27,7 хувь нь чийглэг уур амьсгалтай бүсэд тус тус хамрагдаж байна.
Орхон голын сав газрын уур амьсгалын мужлал
Чийглэг-хүйтэн бүсэд: Хангайн уулсын район хамаарах бөгөөд жилийн хамгийн дулаан 7 дугаар сарын дундаж температур 15ºС –ээс хэтрэхгүй, зуны турш цочир хүйтрэл ажиглагдах боломжтой, хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа дөнгөж 30-80 хоног орчим, 10ºС-аа дээш дулааны нийлбэр 1250ºС-аас бага жилд 350 мм-ээс дээш хур тунадас ордог.
Чийглэгдүү сэрүүн бүсэд: уулын тайгын болон уулын хээрийн ландшафттай, Хангай- Хэнтий захын дундаж өндөрлөг уулс болон хоорондын хөндий, гол мөрний сав газар хамаарна. 7 дугаар сарын дундаж температур нь 15-17ос, 10ос-аас дээш дулааны нийлбэр 1250-1750ос, хүйтрэлгүй үе 70-80 хоног үргэлжлэнэ. Жилд 300-350 мм, уулын хээр голлосон газраа 250-280 мм хур тунадас унана.
Хуурайдуу сэрүүвтэр бүсэд: сав газрын ойт хээрийн бүс хамаарна. Энд ургамлын дулааны нөөц хүрэлцээтэй, хөрсний чийгийн нөөц сайтай. Хамгийн дулаан сарын дундаж температур 17-20ос, хүйтрэлгүй үе нь голын хөндий сав газраар 80-100 хоног байна. Ургамал ургалтын хугацаанд 1750-2250ос дулаан хурамтлагдаж 250-300 мм хур тунадас унана.
Манай орны хээрийн бүсэд хамаарах хуурай-дулаавтар бүсэд жилийн хамгийн дулаан сарын дундаж температур 20-25ос, ургамал ургалтын хугацаанд 2250-2750ос-ийн дулаан хурамтлана. Хүйтрэлгүй үе дунджаар 110-140 хоног хүрнэ. Жилийн дулаан улиралд 150-250 мм хур тунадас унана.
Газар зүй
Орхон голын сав газрыг байгалийн бүс бүслүүрийн хувьд үзвэл тухайн сав газрийн 71,4 хувийг ойт хээрийн бүс, 26,0 хувийг хээрийн бүс 2,6 хувийг өндөр уулын бүс тус бүр эзэлж байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны мэдээллийн төвд 2008 оны MODIS хиймэл дагуулын 250 метрийн ялгах чадвар бүхий мэдээ ашиглан хийсэн газрын бүрхэвчийн зургаар сав газрын 18 орчим хувь нь ой, 43,7 хувь нь бэлчээр, 35 орчим хувь нь цөлийн хээрийн ангилалд багтаж байна.
Ургамал
Сав газрын 40 орчим хувьд уулын хээрийн ургамал тархсан ба голын адгаар голын татмын бургаст ба улалжит намаг, алаг өвст ургамал тархсан.
Загас
Нуур, голуудын газарзүйн байршил, хэв шинж, амьдрах орчны онцлогоос хамааран загасны зүйлийн бүрдэл харилцан адилгүй байх бөгөөд Орхон голын сав газарт нийт 12 овгийн 17 зүйл загас амьдарч байна.
Орхон голын эх болох Улаан, Хятруун, Цагаан азаргын голуудын уулзвар Улаан цутгалангийн доод ширүүн урсгалт боргойт хэсгээр хүйтэн усны тул, зэвэг, хадран болон жижиг жараахай загас, ердийн варлан, сахалт эрээлж, гутаарь загас тархан амьдарна.
Энэ сав газарт амьдарч буй загасны зүйл (шивэр хилэм-Acipenser baerii, бух сугас-Leuciscus idus, зэвэг-Brachymystax lenok, тул-Hucho taimen шивэр хадран-Thymallus arcticus)-ийн 30 орчим хувь нь “Монгол орны загасны улаан данс”- нд ховор, ховордож байгаа, устаж болзошгүй гэж үнэлэгдэн “Улаан ном”-нд орсон загаснууд байна. Эдгээр загаснуудын ховордлын гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Орхон, түүний цутгал голууд алт
Шувуу
Орхон голын сав газарт ойролцоогоор 245 зүйл тэмдэглэгдсэнээс 42 зүйл нь суурин амьдралтай, 203 зүйл нь нүүдлийн бөгөөд нийт 205 зүйл шувуу энэ нутагт өндөглөдөг байна. Мөн энэ сав газарт ирж зусдаг буурал галуу, хуруут хун, ундар шумбуур, цахиур нугас, буурал шунгуур, цагаан тогоруу, хар тогоруу, матигар хөгчүү гэсэн 8 зүйл шувуу байдаг ба өвөлждөг 11 зүйл шувуу (наран бөднө, зэрлэг нугас, хэмхин нугас, хайргууна шонхор, тарлан сар, өвчин хараалж, улаан гүеэт хөөндэй, шунхан цэгцүүхэн, алтан хөмрөг, лапланд дуулгат хөмрөг, цасч хөмрөг) байна.
Орхон голын сав газарт тохиолдож буй шувуудын 203 зүйл буюу 82,8 хувь нь нүүдлийн шувуудын гол нүүдлийн шувуу байгаа нь нэгдүгээрт монгол орны нүүдлийн шувуудын гол нүүдлийн зам тус сав газраар дайрч өнгөрдөгтэй, хоёрдугаарт тус сав газарт өгий нуур, Сангийн далай зэрэг шувуудын үүрлэн өндөглөх нөмөр, хорогдох орчин нөхцөл сайтай газрууд байрладагтай холбоотой.
Энэ бүс нутагт ховор зүйл 17, нэн ховор 5 зүйл (гангар хун, цагаан тогоруу, цэн тогоруу, хар тогоруу, хилэн жигүүрт) шувуу бий. Үүнээс үзвэл тус сав газарт тааралдах шувуудын 8,98 хувь нь ховор буюу нэн ховор зүйл юм. Гадаргын усны нөөцийн тоо хэмжээ, горим, чанарыг өөрчилөлт нь дээрх амьтдын орчинд нөлөөлж байгаа төдийгүй цаашилбал тэдгээрийн тоо толгой, төрөл зүйлийн тоо хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй юм.
Гадаргын ус
Орхон гол Хөгшин Орхон, Хойд, Урд Тамир, Асгат, Хулж, Мааньт, Хангал, Бургалтай, Туул, Хараа, Ерөө зэрэг голууд цутгадаг ба Орхон голын сав газар нь физик газарзүйн орчин, газрын гадаргын өндөржилт, хэлбэр дүрсийн хувьд харилцан адилгүй. Усны тоо бүртгэлийн дүнгээр 905 булаг, 821 гол горхи, 183 нуур, 35 рашаан бүртгэгдсэн байна.
Орхон голын сав газрын гадаргын усны сүлжэээний нягтшил буюу 1км² талбайд ноогдох голын урт газар бүрт харилцан адилгүй ба 180-650 метрийн хооронд хэлбэлзэж, хамгийн их урсац бүрдэлт нь голын сав газрын эхэн хэсэг ба сав газрын хил буюу ус хагалбарын шугамын дагуух өндөр уулын бүсэд хамгийн бага урсац бүрдэлт нь сав газрын адаг хэсэг ухаа гүвээ, талархаг газарт ажиглагдана. Орхон голын усны горим нөөцийн тасралтгүй ажиглалт, хэмжилтийг 1942 оноос Булган аймгийн Орхон сумын чиглэлээр ус судлалын байнгын харуул байгуулж эхэлсэн байна. 2015 оны байдлаар Орхон голын савд 20 ус судлалын харуул бүхий усны ажиглалт, хэмжилтийн сүлжээ ажиллаж байна.
Орхон голын сав газрын жижиг голуудад ажиглалт хэмжилтийн харуул цөөн байгаа бөгөөд гадаргын усны хэмжилтийн сүлжээг орон зай ба цаг хугацааны хувьд нягтруулж, багаж төхөөрөмжийг сайжруулан, чанартай тасралтгүй ажиглалт хэмжилт хийх нөхцөлийг хангах шаардлагатай байна.
Байнгын урсацтай гол, горхи
Р. Хортоны ангилалаар Орхон гол нь 6 дугаар эрэмбийн гол бөгөөд голын савд 1 дүгээр эрэмбийн 1806, 2 дугаар эрэмбийн 468, 3 эрэмбийн 117, 4 дүгээр эрэмбийн 30, 5 дугаар эрэмбийн 8 гол байна.
Орхон, түүний цутгал голуудын урсац харьцангуй чийглэг, сэрүүн, уулархаг нутагт бүрэлдэх бөгөөд уулс хоорондын хөндий, тал хээрийн бүсэд хуурай дулаан уур амьсгал болон газар зүйн бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр урсац нь сарнидаг. Иймээс голын сав газрын нэгж талбайгаас хуримтлагдах усны хэмжээ голын эх рүү буюу ус хурах талбайн дундаж өндөр нэмэгдэх тутам ихэсдэг. Орхон голын сав газрын бүх голууд хаврын шар усны ба зуны хур борооны үертэй голын ангилалд хамаарна. Жилийн урсацы 80 гаруй хувь нь хавар, зуны улиралд, үлдэх хувийн ихэнх нь намрын улиралд, зөвхөн 0,8-3 хувь нь өвлийн улиралд ногдоно.
Орхон гол өвөл болон зуны улиралд тус бүр 2 удаа татруу устай байна. Хүйтний улиралд хамгийн бага урсац Орхон-Хархорин харуулд 0,069м³/с дулааны улирлын хамгийн бага урсац 0,258м³/с байна. Хамгийн бага урсац голын дагууд багасаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт тохиох ба энд зарим жилд ёроолдоо хүртэл хөлдөнө. Харин Ерөө голын цутгалангаас доош ялимгүй нэмэгдэх хандлага илэрнэ.
Орхон голын жилийн дундаж урсац
Орхон голын усны нөөц түүний уртын дагуу нэмэгдэх бөгөөд олон жилийн дундаж урсац Өвөрхангай аймгийн Хархорин суманд 13,3м³/с, Булган аймгийн Орхон суманд энэ нь 3 дахин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд даруй 9 дахин тус тус нэмэгдэнэ. Энэ нь түүний ус хурах талбай нэмэгдэж манай орны томоохон голууд түүнд цутгаж байгаатай холбоотой. Урсацын жилийн доторх хуваарилалт бүрэлдэн буй болоход тухайн сав газрын уур амьсгалын нөхцөл тухайлбал, хур тунадас, ууршил, цасан бүрхүүл, чийгийн нөөц хангамжаас гадна хөрс, геологийн тогтоц геоморфологийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Голын сав газрын өндөр, тухайн жилийн услагаас хамааран сар, улиралд урсацын эзлэх хувь ялгаатай байна. Уур амьсгалын нөхцөл нь хур тунадас, ууршилтанд нөлөөлөхөөс гадна жилийн доторх чийгийн хуримтлал ба алдагдлыг тодорхойлох нөлөөтэй. Голын сав газрын өндөр тухайн жилийн услагаас хамааран сар, улирлын урсацын хуваарилалт нь ялгаатай байна.
Үерийн их урсац
Орхон голын сав газрын бүх голууд хаврын шар усны ба зуны хур борооны үер болон хуурай сайруудад уруйн үер ажиглагдана. Зунб хур борооны их урсац ямагт хаврын шар усны үерийнхээс их байх онцлогтой. Иймээс зуны хур борооны үер, уруйн үерийн үед хүн ам, аж ахуйд ихээхэн хохирол учруулах байгалийн нөхцөлтэй.
Гол мөрний хаврын шар усны урсац нь хүйтний улиралд (X-IVсар)-д ихээхэн орсон хур тунадаснаас бүрдэнэ. Орхон голын хаврын шар усны үер нь сав газрын дундаж өндөр 2500 метрээс их байх газруудад 5 дугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана.
Хамгийн бага урсац, түүний өөрчлөлт: Монгол нутагт гол горхи хүйтний улирлын турш үргэлжлэн хөлддөг, дулааны улиралд хур бороо тасалданги шинжтэй ордогтой уялдаж тэдгээрийн хооронд гачиг буюу татруу устай үе ажиглагдана.
Орхон гол өвөл зуны улиралд 2 удаа татруу устай байна. Хүйтний улирлын хамгийн бага урсац Орхон-Хархорин харуулд 0,069м³/с, дулааны улирлын хамгийн бага урсац 0,258 м³/с байна. Хамгийн бага урсац голын дагууд багасаж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт зарим жил ёроолдоо хүртэл хөлдөнө.
Орхон голын эхэн хэсэг, түүний цутгал голуудын усны чанар, найрлага
Орхон голын эхэн хэсэгт Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Орхон голын эхэн хэсэгт Орхон голын эхээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Орхон-Хархорин харуул хүртэл Орхон, Урд, Хойд Тамир, Цэнхэр, Цэцэрлэг голуудын эхэн хэсгийн цутгал голууд хамрагдах бөгөөд бүгд Хангайн нурууны салбар уулсаас эх авсан, уулын цэвэр, тунгалаг, цэнгэг, зөөлөн устай байна.
Урд, Хойд Тамир, түүний цутгал голууд нь хүний сөрөг үйл ажиллагаанд өртөөгүй, байгалийн унаган төрхөөрөө байгаа уулын цэнгэг устай тунгалаг голууд юм.
Харин Орхон голын эхэн хэсгийн Өлт голын хөндийд сүүлийн жилүүдэд алтны ордуудыг эрчимтэй ашиглах болсноор голуудын усны чанарт багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал Их тээл болон түүний цутгал Өлт, Өлт голын цутгал Өлзийт Тээл, Бодонч голууд нь энэ цэнгэг (эрдэсжилт 122-164мг/л), маш зөөлөн-зөөлөн (хатуулаг 1,4-1,6 мг-экв/л) устай боловч булингартаж бохирдсон байна. Энэ хөндийд (Будант Тээл, Харгуйт, Шийрт, Зүүн Сөдөт, Баруун Сөдөт болон Гүүт голууд) алт олборлолт явагдаж байгаагаас их хэмжээний үржил шимт хөрс эвдэрч, малын орчны экосистем доройтсон байна.
Орхон голын дунд хэсэг, түүний цутгал голуудын усны чанар найрлага
Орхон голын дунд хэсгийн цутгал Хангайн нуруунаас эх авсан Тамир түүний цутгал голууд нь хүний сөрөг үйл ажиллагаанд өртөөгүй, байгалийнхаа үндсэн шинжээ хадгалсан уулын цэвэр, тунгалаг, цэнгэг зөөлөн устай учир Орхон голын усны чанарт эерэг нөлөөтэй.
Орхон голын дунд хэсгийн Хангал голын ус хамгийн их эрдэсжилт, хатуулагтай, бохирдолттой байна. Орхон гол Хангал гол нийлснээс доош усан дахь эрдэс азотын агууламж стандартаас давж бохирдсон тохиолдол олон удаа ажиглагдсаны гадна Орхон голын усны эрдэсжилт ихсэж, сульфатын ионы эзлэх хувь нэмэгдэх болжээ. Орхон голын дунд хэсгийн томоохон цутгал голуудаас Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Туул голын сав дагуу олон хот, суурин төвлөрч энэ утгаараа ахуйн бохирдолд өртөсний гадна түүний хөндийд алт олборлолт явагдаж байгаагаас экологийн өөрчлөлтөд орж Орхон голын усны чанарт сөргөөр нөлөөлж байна. Орхон голын дунд хэсгийн жижиг голуудаас Бургалтай голын баруун гарын цутгал гол маш их булингартай байна.
Орхон голын адаг хэсэг, түүний цутгал голуудын усны чанар найрлага
Орхон голын адаг хэсгийн баруун гарын цутгал гол болох Хэнтий нурууны салбар уулсаас эх авсан Хараа, Шарын гол, Ерөө голууд алтны үйлдвэрлэлийн нөлөөнд өртөж, булингартан хүнд металлаар бохирдсон Буур гол ахуйн бохирдлоор бохирдсон зэргээс Орхон голын усны чанарт сөрөг нөлөөтэй байна.
Нөхөн сэргээгдэх нөөц /Байгалийн нөөц/
Жил бүр хур тунадасны нэвчилт, гадаргын усны нэвчилт шүүрэлт, хажуугийн урсацын нөлөөгөөр дахин бүрэлдэх боломжтой усны хэмжээг хэлнэ. Орхон голын сав газрын хэмжээнд газрын доорх усны хамгийн их урсацын модуль Тамир голуудын эх, Өгийнуурын орчимд 190мм/жил/км² хүрдэг бол Орхон-Сэлэнгэ мөрний бэлчир орчимд 110 мм/жил/км², Хишиг-Өндөр орчимд 100мм/жил/км², Бүрэнгийн нурууны зүүн хойд хэсэг, Эрдэнэт хот орчмын хөндийд аллви, проливийн хурдас дахь ус агуулагч бүрдлийн болон тус хөндийн баруун зүүн талын хажуугийн уулс тэдгээрийн хормой, бэлээр тархсан үндсэн чулуулаг дахь ус агуулагч ан цавлаг бүсийн газрын доорх усны урсацын модуль 5мм /жил /км² тус тус байдаг. Орхон голын сав газрын газрын доорх усны зургийг иш үндэс болгон тус савын газрын доорх усны 1км² талбайд оногдох нөхөн сэргээгдэх нөөц баялгийг
Ашиглалтын баримжаат нөөц
Орхон голын сав газрын хэмжээнд 53786 км² талбайд газрын доорх усны 842 сая. м³/жил (0,842км³/жил) ашиглалтын баримжаат нөөц бүрэлдэж байна.
Орхон голын адаг буюу Сэлэнгэ мөрөнтэй нийлдэг хэсэгт 1км² бүрээс 10 л/с хэмжээнээс доошгүй газрын доорх ус олборлох боломжтой. Хойд, Урд Тамир, Цэнхэр, Хөгшин Орхон зэрэг байнгын урсгалтай голын хөндий дагаж тархсан 1км² талбай бүрээс 3-10 л/с ус олборлох боломжтой байна.
Газрын доорх усны ашиглалтын нөөц
Орхон голын сав газарт Сүхбаатар, Булган, Цэцэрлэг, Эрдэнэт зэрэг 4 аймгийн төв болон давхардсан тоогоор 6 аймгийн 25 сумын төв байрладаг. Сүхбаатар, Булган, Цэцэрлэг, хотуудын ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэрийн газрын доорх усны нөөцийг тогтоох гидрогеологийн эрэл хайгуулын ажил явуулж ашиглалтын нөөцийг тогтоосон.
Цэцэрлэг хотын газрын доорх усны орд
Цэцэрлэг хотын ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэрийн газрын доорх усны нөөцийг илрүүлэн тогтоох ажлыг Урд Тамир голын хөндийн аллювийн хурдас дахь ус агуулагч бүрдэл 19,9-31,2 л/с ундаргыг өгч байгааг тогоож, ашиглалтын нөөцийг тотоож, ашиглалтын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тооцоолж, газрын доорх усны ашиглалтын нөөц 10082,8м³/хон гэж тогтоожээ.
2012 онд “Ар чандмань” ХХК нэмэлт хайгуул явуулж Урд тамир-Таруугийн голын хөндийд 5702,4м³/хон-гийн нөөцийг илрүүлэн тогтоосон байна. Энэ эх үүсвэрийг аймгийн төвийн ус хангамжинд одоо ашиглаж байна.
Булган хотын газрын доорх усны орд
Булган хотын ус хангамжийн зориулалтаар 1983-1984 онд газрын доорх усны эрэл хайгуулын ажил явуулж газрын лоорх усны ашигалалтын нөөцийг 4907,6 м³ /хон гэж тогтоожээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв Хөтөл хотын газрын доорх усны орд
Монгол улсын цемент шохойн үйлдвэрлэлийн гол газрын нэг болох Хөтөлийн цемент шохойн үйлдвэр болон хотын ус хангамжийн эх үүсвэр нь Орхон гол руу цутгадаг Нэлгэ голын адаг, Орхон голын татам орчимд байрладаг Нэлгийн газрын доорх усны орд болдог. Нэлгийн эх үүсвэрийн газрын доорх усны ашиглалтын нөөцийг 7000 м³/хон гэж тогтоожээ.
Баржгар-Улаанны газрын доорх усны орд
энэ ордын ус нь 0,3г/л эрдэсжилттэй, гидрокарбонат-калци, натри, магнийн найрлагатай, хатуулаг нь 2,6-3,7мг-экв/л цэнгэг нэн цэнгэг. Газрын доорх усны ашиглалтын баримжаат нөөц 1,98 мян.м³/хон гэж тогтоожээ.
Дархан-Уул аймгийн Орхон сумын газрын доорх усны орд
Нөөцийг 1985 онд тогтоосон. Ус нь гидрокарбонат-калци-натрийн найрлагатай, эрдэсжилт нь 0,2-0,3 г/л, хатуулаг 3,1-5,9мг-экв/л байжээ. Энхталын ордын газрын доорх усны орд ашиглалтын нөөциййг 5,5мян.м³/хон гэж тогтоожээ.