Орхон-Чулуут голын сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоолыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн А-288 дугаар тушаалаар байгуулагдсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-260 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.
Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжтой нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах , усны нөөцийн нэгдсэн менижментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Үйл ажиллагааны чиглэл
Сав газрын захиргаа нь үйл ажиллагаандаа Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай болон холбогдох хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
- Сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих
- Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах
- Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах
- Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах
- Хоногт 50-100 шоо метр ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, ус болон усан орчин ашиглуулах дүгнэлт гаргах
- Улсын чанартай усны барилга байгууламж барихад дүгнэлт гаргах
- Услалтын систем барих, шинэчлэх, засварлахад дүгнэлт гаргах
- Ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах
- Сав газар дахь хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох
- Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрөл олгох
- Хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгох
- Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай гэрээ байгуулах
- Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох
- Ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох
- Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах
- Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах
- Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулах
- Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
- Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад бүрэн эрх.
Сав газрын товч танилцуулга
Орхон голын сав газар нь 8 аймгийн 53 сумын 53786,89 км кв нутаг дэвсгэрийг хамардаг. Орхон голын сав газрын нутаг дэвсгэрийн 38,2 хувийг Архангай, 22,1 хувийг Булган, 18,4 хувийг Сэлэнгэ, 15,9 хувийг Өвөрхангай, 1,9 хувийг Төв, 1,6 хувийг Баянхонгор, 1,6 хувийг Орхон, 0,4 хувийг Дархан-Уул аймаг тус тус эзэлж байна.
Чулуут голын сав газар нь 4 аймгийн 16 сумын 20078 км кв нутаг дэвсгэрийг хамардаг. Тус сав газрын нутаг дэвсгэрийн 95,7 хувийг Архангай, 3,8 хувийг Хөвсгөл, 0,4 хувийг Баянхонгор, 0,1 хувийг Завхан аймгийн нутаг дэвсгэр эзэлдэг.