Өгий нуур сум

Өгийнуур сумын ерөнхий танилцуулга

Архангай аймгийн Өгийнуур сум нь 1952 онд байгуулагдсан. Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Лүн сумаас 8 баг, 751 өрх ардын аж ахуйтан 2311 хүн нэгдэж 62000 орчим малтай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1952 оны 66-р зарилгаар байгуулагдсан байна. Тус сум нь Орхон, Өгий, Зэгстэй гэсэн 5 багийн нийт 938 өрх, 3073 хүн амтай. Үүнээс хүүхэд 1068 байна. Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас хүн амын тоо, газар нутгийн хэмжээ зэргээрээ 15-д ордог байна.

Газар зүйн байршил

Архангай аймгийн зүүн өмнөд хэсэгт, Улаанбаатар хотоос 368 км, аймгийн төвөөс 100км зайд байрладаг. Архангай аймгийн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Могод, Гурванбулаг зэрэг сумуудтай хиллэдэг.

Байгаль газар зүйн онцлог

Далайн түвшнээс дээш 1300-1665 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-9 балл. Сумын дов гүвээ, толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 168648 га.

Зориулалт Хэмжээ /га/ Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 164637.4 97.6
Ойн сан бүхий газар --  
Усан сан бүхий газар 3568 2.1
Тусгай хэрэгцээний газар 1 0.001
Тосгон, суурингийн газар 101.1 0.06
Дэд бүтцийн газар 340.5 1.1

Эмнэлэг

Өгийнуур сумын хүн эмнэлэг 1953 онд байгуулагдсан 10 ортой, 3 их эмч, 17 бага эмч, сувилагч, 9 туслах ажилтан нийт 29 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Тус эмнэлгийн лабораторийн багаж тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр хөдөө орон нутагт хийх боломжтой ихэнх шинжилгээ хийгддэг болсон нь аймгийн төв, нийслэл явж шинжилгээнд хамрагдах чирэгдэл эрс багассан байна.2012 онд улсын төсвийн 454.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төвийг барьж 2015 онд ашиглалтанд орсон.

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 572 хүүхэд суралцаж байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 93.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байна. Тус сургууль нь 55 багш, ажиллагсадтайгаар сургал хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд шинээр 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орсон.

Цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд 4 бүлгийн 100 хүүхэд хумуужиж байна. Нийт 16 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2010 онд Тогтвортой Амьжиргаа-II төслөөр хүүхдийн цэцэрлэгийн гаднах хүүхдийн тоглоомыг шинэчлэн тохижуулсан.

Соёлын төв

Тус сумын соёлын төв нь 250 хүний суудалтай бөгөөд 5 ажиллагсадтай. Анх 1965 онд ашиглалтанд орсон. Номын сан нь 11078094,5 төгрөгний 5430 ширхэг номын фондтой.

Мал аж ахуй

Сумын хэмжээгээр нийт 252.767 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.4 хувь байна. 743 малчин өрх, 176 малгүй өрх байгаа ыөгөд сумын нийт малчин өрхийн тоо 80.9 хувийг эзэлж байна.

Өгийнуур орчмын байгалийн үзэсгэлэнт, түүх дурсгалын газруудын байршил

Эрт дээр үеэс Өгийнуур сумын нутаг Монгол Түрэг угсаатан улсуудын төв нутгийн нэг хэсэг болж байсан. Хуучин чулуун зэвсгийн дээд үеийн бууц тус сумын Өгий нуурын хойд эргээс 500м орчимд байсан нь чулуун зэвсгийг цөөн тоогоор түүвэрлэн олсон байна. Эдгээр чулуун зэвсэг одоо МУБИС-ийн түүхийн салбарын археологийн тасагт хадгалагдаж байна. Мөн тус сумын нутагт Улаан хошуу, Цант, Тоглохын тал, Тоглох толгойн энгэр зэрэг газруудад дөрвөлжин булш нилээд бий. Өгий нуур орчимд Баясгалан,Дөрвөлжин, Чилэн, Улаан худаг зэрэг түүх соёлын дурсгалт газрууд олон бий.

Дэс дугаар Газрын нэр Өгий нуураас хэр зайд орших Сумаас хаана ямар зайд орших Аль багт хамаарах Ойр амьдардаг айл
1 Баясгалант уул Нуураас хойш 3км Сумаас зүүн хойш 22км Өгий Ц.Цэрэндорж
2 Чилэн, Амин нуур Нуураас баруун тийш 6км Сумаас зүүн хойш 20км Өгий Ө.Навгандорж
3 Орхон Тамирын бэлчир Нуураас баруун хойш 9км Сумаас зүүн хойш 19 км Өгий Д.Хатанбаатар
4 Хорчин хийд Нуураас зүүн урагш 10км Сумаас зүүн тийш 29км Орхон С.Төмөрбаатар
5 Манхан элс Нуураас баруун урагш 26км Сумаас зүүн урагш 17км Орхон Р.Өгийдалай
6 Дөрвөлжин Нуураас баруун урагш 29км Сумаас урагш 7км Дойт С.Мөнхбат
7 Дойтын толгой Нуураас баруун урагш 36 км Сумаас баруун урагш 18км Дойт С.Баттөгс
8 Нүхтийн агуй Нуураас Баруун урагш 35км Сумаас баруун тийш 17км Дойт,Тоглох Б.Баярцогт, Ж.Цовоосүрэн
9 Тамирын улаан хошуу Нуураас баруун хойш 30км Сумаас хойш 15км Тоглох Ц.Давааадорж