Байгаль, цаг агаар

Өгийнуур орчмын байгаль, цаг агаарын нөхцөл

Байгалийн өвөрмөц газар болох нь

Орхон голын сав газарт байгаа экологийн өвөрмөц газруудын хамгийн том төлөөлөл нь Өгий нуур юм. Тус нуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн боловч улсын тусгай хамгаалалттанд ороогүй. Өгий нуур нь Орхон голын сав газар дахь хамгийн том нуур бөгөөд тэр хавийнхаа хүн, мал, ан амьтны ундны эх үүсвэр төдийгүй, сав газрын экосистемд онцгой ач холбогдол бүхий цэнгэг уст нуур юм.

Нуур нь 50-иас дээш км² талбайтай нууруудын тоонд ордог бөгөөд нуур орчмын 2510 га талбай бүхий ус намгархаг газар нь эргэн тойрноо өвст хээрээр хүрээлэгдсэн, баруун талдаа олон тооны гол горхи, цөөрөм, намагтай байгалийн үзэсгэлэнт газар юм.

Өгий нуурын тухай

Өгий нуур нь голын хөндийд тогтсон учраас эргийн байдал ерөнхийдөө нам тэгш талархаг, хэрчигдэл багатай. Нуурын баруун талаас Хөгшин Орхон гол цутгаж, нуураас баруун хойш Хоолойн гол урсаж гардаг. Нуурын эргийн шугамын урт 24,7км, хамгийн гүн 16м, усны эзэлхүүн ойролцоогоор 148 сая м³. Гадаргын усны температур нь зуны улиралд 18ºС, өвлийн улиралд 4 метр гүнд 1,2ºС хүрдэг. 11 дүгээр сараас 4 дүгээр сард мөсөн бүрхүүлтэй байдаг. Өгий нуур нь Хангайн нурууны зүүн жигүүр дор оршдог учраас Монголын бусад тал хээр нутгийг бодвол арай ахиу хур тунадас унадаг бөгөөд энэхүү хур тунадас нь нуурын усны тэжээгдэлд зохих хувь нэмэр болдог. Өгий нуур нь олон зүйл усны шувуудын бууж амрах, дайрч өнгөрөх, зусах, үржих тохиромтой нутаг бөгөөд ялангуяа галуу, нугасны овгийн олон зүйл шувууд энд гууждаг байна.

Уур амьсгалын мужлал

Монгол орны газрын гадарга нэгэн жигд биш янз бүрийн хэлбэр дүрс байрлал бүхий өндөр уулс тэгш тал газар өргөн хөндий том нуур, гол мөрөн өвс ургамалтай ба ургамалгүй нүцгэн гадарга алаглан оршдог нь тус орны байгаль уур амьсгалын байдлыг нэн олон янз болгоно.

Далайн түвшнээс дээш 1800 метрээс дээш өндөр өргөгдсөн чийглэг-хүйтэн 1300-1800метр өргөгдсөн чийглэгдүү-сэрүүн 700-1300 метр өргөгдсөн хуурайдуу сэрүүвтэр гэсэн мужлалаар авч үзвэл Өгийнуур сум нь чийглэгдүү сэрүүн уур амьсгалтай мужид хамрагдаж байна.

Архангай аймгийн Өгий нуур бусад сумуудаас хамгийн нам дор орших бөгөөд 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл урин дулааны улирал үргэлжилдэг.

Агаар, хөрсний температур

Өгийнуурын орчим нь эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд ойролцоох цаг уурын харуулын ажиглалт судалгаагаар жилийн дундаж агаарын температур нь -1ºС хүйтэн, хамгийн их температур нь зундаа 38ºС хүрч халдаг бол, өвөлдөө хамгийн хүйтэн нь -46ºС хүрч хүйтэрнэ. Хөрсний гадаргын дундаж температур нь 0,7ºС дулаан бөгөөд өвөлдөө -46ºС хүрч хүйтэрдэг бол зундаа 59ºС хүрч халдаг байна. Их хүйтэн  өдрийн  тоо  20-30,  их  халуун өдрийн тоо 10, хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа 90-110 өдөр байдаг байна. 

Хур тунадас

Хур тунадас бол нутаг дэвсгэрийн уур амьгалын нөхцлийг илэрхийлэх чухал хүчин зүйлийн нэг юм. Өгийнуур сумын цаг уурын харуулын сүүлийн 30 жилийн ажиглалтын мэдээгээр жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 233  мм байна. Үүний 60-70 орчим хувь 07 дугаар сард ордог байна. Хүйтний улиралд 2,0-3,0мм тунадас унадаг бөгөөд жилд ордог хур тунадасны 10 орчим хувийг эзэлдэг.

Цасан бүрхүүл

Өгийнуур сумын хувьд тогтовортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо -110, цасан бүрхүүлийн дундаж зузаан 7см байна. Тогтвортой цасан бүрхүүлтэй өдрийн тоо, цасны дундаж зузаан их байх нь хавар зуд болж мал хорогдох эрсдлийг буй болгоно.

Салхи

Салхины дундаж хурд нь 2,8м/сек байх бөгөөд хамгийн их хурд нь 36м/сек хүртэл ширүүсдэг байна.

Нарны нийлбэр цацраг

Өгийнуур сумын хойд хэсгээр нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж 1200-1300 квт цаг/м². Харин нутгийн өмнөд хэсгээр 1300-1400 квт цаг/м² байна. Нэг жилд гийгүүлэх хугацаа 2600-300 /цагаар/ байдаг. Энэ нь нарны эрчим хүч ашиглаж, цахилгаан бага ашиглахад тохиромжтой. Монгол орны жилийн 230-260 хоног цэлмэг байдгаас Өгийнуур суманд цэлмэг өдрийн тоо 80 байна. Өгийнуур сумын хувьд өдрийн урт зун хамгийн их буюу 95 өвөл хамгийн бага буюу 6 цаг байгаа нь зуны улирлаас 3,5 дахин их үргэлжилдэг. Хавар зун цэлмэг өдрийн тоо бага, харин өвөл намар цэлмэг өдрийн тоо их байдаг байна.