Усны салбарын 14 орны 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатарт хуралдана

Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран 2016 оны аравдугаар сарын 23-27-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороо нь эрдэм шинжилгээний судалгаа хийх, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалт семинар зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны дээрх үйл ажиллагааг ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газар, тус улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухааны яам, Японы итгэлцлийн сан дэмжин санхүүжүүлдэг.

Ус зүйн хөтөлбөрийн Удирдах хорооны энэ удаагийн хурлын зорилго нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг сайжруулах, уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр танилцуулан туршлага санал бодлоо солилцоход оршино.

Удирдах хорооны 24 дүгээр хуралд Монгол, Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, Бутан, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвинеи болон Вьетнам зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцох юм. Оролцогч орнууд Монгол Улс болон Ази, Номхон далайн орнуудад тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай зургадугаар зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэж, цаашид практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны шинэ чиглэл, төсөл хөтөлбөрийг тодорхойлох зорилгоор санал солилцоно гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.