“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өчигдөр эхэлсэн. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. Уг хурлаар Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг манлайлах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн гол хүчээ болгох боломж бий
...Та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуучлалын олон улсын бага хуралд оролцож байгаад өөрийн болон Монгол Улсын төр, засгийн зүгээс баяр хүргэн, дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье.
Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг ба олон сая ажлын байр бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрийддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар билээ.
Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ.
Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна.
Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдал гэдэг үүрэг хариуцлага ирдэг.
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон.
Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна.
Аялал жуулчлалын салбарын хөгжил нь бидэнд түүхэн өв уламжлал, ёс заншлаа хадгалан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон улс орнуудад сурталчлан таниулах гол түлхүүр болно гэж итгэж байна.
Монголчууд бид эрт үеэс мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улирлын турш байгалийн сайхан, газрын нөмөр, өвсний тэжээлтэйг сонгон нүүдэллэж ирсэн дэлхийд ховорхон нүүдэлчин ард түмэн билээ.
Монгол орныг зорин жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчдын урсгалыг Нүүдлийн аялал жуулчлалын жим рүү татаж, аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжлийн гол хөдөлгөх хүчээ болгох өргөн боломж бий.Өвөг дээдсийн маань захиснаар “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн сайхан хэлц үг бий.
Үүнээс харахад аялах, жуулчлах нь Монголчуудын соёл, ёс заншлын салшгүй хэсэг байсаар иржээ. Монголын нүүдэлчин ард түмэн өнө эртнээс дэлхийн хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй түүх соёлын үнэт өвийг бүтээж, дэлхийн соёл иргэншилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Ази, Европ тивийг холбож, 2000 гаруй жилийн турш оршин тогтносон, дэлхийн түүхэн дэх хамгийн урт худалдааны зам болох Торгоны замын түүх нь энэ хоёр тивийн дунд оршиж буй Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой билээ.
Энэхүү хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн, Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдсэн 33 орны төлөөлөл хүрэлцэн ирсэн нь 21-р зуунд Монгол орноо Торгоны замаар аялан явах асуудлыг хэлэлцэж байгаа үйл явдал хэмээн үзэж байна.