Монгол орны төв хэсгээр дайрдаг нүүдлийн шувуудын замд байрлах үзэсгэлэнт Өгий нуур, түүний орчимд байрших шувуудын хэвийн амьдралд хүний зүгээс үзүүлэх сөрөг нөлөөлөл сүүлийн жилүүдэд улам нэмэгдэх хандлагатай байна. Тус нуурын шувуудыг хамгаалах, хэвийн өсөж, үржин амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн олон төсөл хөтөлбөрүүд энэ бүс нутагт амжилттай хэрэгжиж байна.
Өгий нуур нь олон зүйл усны шувууд бууж амрах, дайрч өнгөрөх, зусах, үржих тохиромжтой нутаг бөгөөд ялангуяа Галуу, нугасны овгийн олон зүйл шувууд энд гууждаг байна.
Судалгаагаар Өгийнуур түүний орчмын уулсаар нийт 16 баг, 41 овог, 104 төрөлд хамрах 200 зүйл шувуу бүртгэгджээ. Оршин амьдрах хэлбэрийн хувьд 25 зүйл тухайн орчинд суурин, 175 зүйл нүүдлийн, 8 зүйл цөөн тоогоор зусдаг, 41 зүйл хавар намрын нүүдлийн үед дайрч өнгөрдөг, 14 зүйл тохиолдлын байдлаар хааяа энд орж ирдэг, 3 зүйл өвөл тундараас ирж өвөлждөг байна. 2005 оны судалгаагаар Өгий нуур, түүний эргэн тойронд нийт 129 зүйлийн шувууг бүртгээд байна. Эдгээр зүйлүүдийн 58% буюу шунгууртан, хотонтон, өрвийтөн, галуутан, хиазтан, тогоруутан зэрэг багт хамрагдах ба 75 зүйл нь ус намгархаг орчинг шүтэн амьдардаг. Эдгээр дотроос борцгор хотон (Pelecanus crispus), цагаан халбагант (Platalea leucorodia), хар өрөвтас (Ciconia nigra), хошуу галуу (Anser cygnoides), хээрийн галуу (Anser indicus), хуруут хун (Cygnus olor), цагаан сүүлт бүргэд (Haliaetus albicilla), цэн тогоруу (Grus vipio), итэлгэн цахлай (Larus ichthyayetus), хонин тоодог (Otis tardo) зэрэг манай оронд төдийгүй дэлхий дахинд ховордсон, устаж буй зүйлүүд Өгий нуур, түүний орчимд байдаг.Иймд тус нуурын экосистемийг хамгаалах чухал бөгөөд Монгол орны нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдолтой хэвээр байна.