Цэцэг, ургамал

Өгий нуур орчмын ургамал, ургамалжилтын байдал

Өгий нуур нь ургамал газар зүйн мужлалаар Дундад халхын хээрийн тойрогт, харин түүнээс урагших Орхон голын сав газрын зарим хэсэг Хангайн уулын ойт хээрийн тойрогт хамаарна. Ургамлан бүрхэвчийн хувьд ботууль голлож, алаг өвс, улалж, жижиг үетэн зонхилно.

Өгий нуур болон Орхон голын сав газраас 51 овгийн 167 төрлийн 266 зүйлийн цэцэгт ургамал бүртгэгджээ. Өгий нуур болон Орхон голын сав газар нь ургамалжилтын хувьд намгархаг нуга, хуурайшсан шорвог нуга, нуурын эргийн дэрст тойром , шал, хялганат дэнж, харгана-алаг өвст дэнж, голын татамын нуга юм. Энэ бүс нутагт 38 овгийн 101 төрлийн 146 зүйлийн эмийн ургамал бүртгэгжээ. Энд ургаж буй 51 овгийн 167 төрлийн 266 зүйлийн ургамал дээр хийсэн судалгаанаас үзэхэд:

  • Усан дотор-27 зүйл
  • Голын эргээр-12 зүйл
  • Нуурын эргээр-34 зүйл
  • Нугад-42 зүйл
  • Намгархаг довон дотор-15 зүйл
  • Уулын хээрийн чулуутай хажуугаар-79 зүйл
  • Хуурай хээрээр-57 зүйл

ургаж байна.

Судалгаагаар 266 зүйл ургамлаас хадлан бэлчээрт зонхилох бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдлийг харахад Өгий нуур орчим ба Орхон голын сав газарт 23 овгийн 61төрлийн 87 зүйлийн бэлчээрийн ургамал ургаж байгаа бөгөөд тэдгээрийн малын идэмжийг шинж чанараар ангилвал:

  • Онц сайн идэмжтэй-3
  • Сайн идэмжтэй-40
  • Дунд идэмжтэй ургамал-33
  • Бага идэмжтэй-3
  • Муу идэмжтэй-8

зүйл байна. Өгий нуур орчмын нийт бэлчээрийн 46,7% нь бага дунд, хүчтэй зэрэг ямар нэг хэмжээгээр талхлагдсан, 53,3% нь хэвийн соргог бэлчээр байна